Saturday, August 11, 2007

Гитараа гэж

Ай хөөрхий, гитараа гэж...
Ойрын үед гитар тоглох гөөмөн их хоббитой болж байна. Надад өөрт минь гитар байдаггүй тул янз янзын гитар барьж суусаар нилээн ч дадлагажлаа. Гэвч бас л болоогүй ногооноороо байгааг өнөөдөр ухаарав. Олон гитар бүгд адилгүй учраас утас нь ч бас бүдүүн нарийн янз янз. Хамгийн нарийн утас нь гитар болгонд хэмжээсээрээ бараг адилгүй. Дөнгөж сая нэг гитар тоглож байгаад нарийн утасыг нь хамаагүй хөндчихөж. Нөгөө утас нь яаж тэсэхэв, тэр чигээрээ тас үсэрцэн тул залгаж чадалгүй гэрт нь оруулж тавив. Уул нь гэртээ авчирч хөглөх санаатай байсан чинь бүтэлгүйтэв. За за, олон гитар дээр дарж байгаад ямар ч гитар дээр утасыг нь таслалгүйгээр хөглөчихдөг болох байх. Үүний төлөө дахиад ганц хоёр долоо хоног зарцуулдаг юм билүү дээ. Удахгүй ажилд орчуул ингэж өглөө болтол гитар дарж сууна гэдэг ёстой гонжин жоо болох биз. Уул нь Америк гитарууд ч чанартай даа, барагийн махир хуруунд утас нь тасрахгүй. Лавдаг миний хөглөж байсан гитарууд тун дажгүй дамшигууд байсан шүү.
Ай хөөрхий, гитараа гэж...

Тэнгэрээс буусан Сарангуа чамдаа өргөх хэдэн үгс

Сэтгэлийн шандас хөглөөстөй хоносон тэр л үдэшийг би үл мартана. Сарны туяа цонхоор нэвт тусаж, Сарангуа чиний царайг гэрэлтүүлэхэд амьдрал хэмээх гашуун дарсыг лонх лонхоор нь хоосолмоор санагдсан тэр л үдэшийг би үл мартана. Заримдаа хөлгүй их далайд би төөрөн, огторгуйн гүнд шумбан, гүн бодолд дарагдахад айдас хүйдэс бүхэн холдож хамаг бодол сэтгэл хоосордог боловч тэр үдэшийн зүрх булгуйлсан мэдрэмж л надаас үл холдоно.

Лонх хоослон гунирхарсан сэтгэлээ хийж орхиод би холын хол дүүлэн нисмээр байдаг юм. Даанч чиний дүр зургийг согтсон үедээ төсөөлж, энхрий ялдам занг чинь, ариун нандин сэтгэлийг чинь эрүүл бус ухаанаар ургуулан бодохгүйг өөр өөрөө тушаасаар өнөөдөртэй золгожээ. Бурхан багш хэлэхдээ өлсөх нь хамгийн шаналгаат өвчин, биеийг олон нь хамгийн шаналгаат зовлон гэсэн боловч миний хувьд бол тэр л үдэшийг санан гунихарх нь хамгийн шаналгаат өвчин болж, харин чамайгаа мартаж чадахгүй нь хамгийн шаналгаат зовлон болсон нь нэг үнэн болжээ.

Би цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг ч сэтгэл минь чиний ялдам үгсээр гачигдаж, зүрх минь чиний нигүүлсэнгүй харцаар дутагдана. Өлсөх төдийд, цангах цагт хоол унд түм бумаараа олдох авч зуун зуун ульран одлоо ч сэтгэлийн минь хүлээсийг тайлах, зүрхний минь шархийг эдгээх чи минь надад ганц л олдоно. Чамайг би хажуудаа байлгахаас зайлсхийн, сэтгэлдээ мөнхөлсөнд чи биш би ганцаар буруутай. Галт тэрэгний буудлаас үдэн гаргахад чинь би дахин чамд ширхэг үг, ганц дугтуй илгээхгүй гэдгээ хэлээгүйд минь уучлаач. Гэвч чиний төрхийг би тэнгэрт нартай, газарт галтай мөнхөлсөн учраас чи хэний ч биш ганцхан минийх л байх тавилантай.
Ертөнцийн төгсгөлд, газрын гүнд, түнэр харанхуйд сэтгэлд минь гал өргөн зүрхэнд минь итгэл хайрладаг чиний гэгээн дүрийг би, цус минь хатаж, мах минь ялзарч, яс минь өмхөрсөн ч мартахгүй ээ.

Чиний хайртай бас чамайг харладаг,
Форбидден Колорс-с чинь.