Thursday, June 7, 2007

"Wretched of the earth" vs "Hамайг дагаад цэнгэ"

Ай амьдарлаа гэж...
Замбуулин тивийн өнцөг булан бүрт хүмүүс зовлон зүдгүүрийн нүдүүрт нухлагдаж байгааг бид бүгдээр ямар нэг хэмжээнд мэдэж байгаа билээ. Тэдний нэг бол яах аргагүй Тунгалаг бүсгүй юм. Тэрээр ертөнцийн хатууд гунин, амьдралын утга учирыг эргэцүүлэн өөр өөртөө гэмшин сууж болох л байлаа. Гэвч Тунгалаг бүсгүй хөл дээрээ босох гэж, хүүхдээ хүн шиг хүн болгох гэж зүтгэн өөрөө хоёр идэхгүй, хүүхдүүдээ хоосон хонуулахгүй авч яваа нь түүнийг бусдаас ихээхэн ялгаж өгчээ. Өнөөдөр Монгол оронд Тунгалаг бүсгүй шиг сэтгэлийн хаттай олон арван эмэгтэйчүүд өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө, тэр дундаа төрүүлсэн үр, төрсөн дүү болон хайртаа ээжийнхээ төлөө хоногийн хорин дөрвөн цагийг тэдний төлөө зориулж яваа бол гэж бодох юм. Энэхүү бодол маань Тунгалаг бүсгүйн цаана буй дуу хоолой нь сонсогдохгүй хэдэн арван эмэгтэйчүүдийг өрөвдөх сэтгэлийн минь шандасыг хөндөж орхих юм. Бурхан хорвоог бүтээсэн гэх мөртлөө хүний зовлонгоор ханаж цаддаггүй хорвоог бүтээж дээ. Ядаж ганц бүсгүйд нь ч гэсэн итгэлийн гараа сунгаж найдварын галыг өгөх юмсан. Тунгалаг бүсгүйн талаар нэвтрүүлгийг энэ хаягаар орж үзээд хандив өргөж болно.
Лүмино "намайг дагаад цэнгэ, намайг дагаад цэнгэ" хэмээн үглэх нь Казино тоглох томчуудын шуугиан дунд үл сонсогдоно. Сая саяар нь барьцаалж, хэдэн зуун мянгаар цацах нь казино тоглож буй томчуудын зан бололтой. Бусдын мөнгийг хэдэн мянгаар ногооноор нь хармайлж, хэдэн арван мянгаар нь цацан, нам засаг ах дүүдээ хандивлаж ирээдүйн аалзны торыг бэгчүүлж буй гүзээ томтой гүргэр харуудыг алийг тэр гэхэв. Тунгалаг бүсгүйг энэ харуудтай харьцуулшгүй л дээ. Хэдийгээр Тунгалаг бүсгүйд хийсэн нүгэл, алдсан алдаа гэж бий боловч, үнэн шударгийн дэнсэн дээр өөрийн хүчээр зүтгэж буй бүсгүйг дийлэх гүзээт олдохгүй буй за. Дундаршгүй зовлон байдаг гэдгийг зүрхний зүрхэндээ ухаарч ойлгоогүй хүмүүс ямар ч олон байх юм дээ.

Жаал хүү зах дээр ачаа зөөн гүйнэ. Зах тарах үеэр тэрээр газар хэвтэх хайрцаг цуглуулан гэртээ аваачиж түлээний оронд хэрэглэдэг юм. Учир нь түлээг нь дөхүүлж усыг нь зөөх хүн тэднийд түүнээс өөр үгүй. Түүний ээж нь анх УБ-т орж ирээд зах дээр малын гэдэс зарж явахдаа машин дайруулан аарцагны яс нь гэмтсэнээс хойш гэрийн хамаг л ажил түүний нуруун дээр тохогдсон нь жаал хүүд ахадсан ачаа боловч хайрт ээжийнхээ төлөө хайртай дүү нарынхаа төлөө тэрээр үүрсээр яваа юм. Аав нь хэдэн жилийн өмнө өөр хүнийг дагаад явсан ба хоосон хонох өдрүүдэд ээждээ санаа зовон аавыгаа дурсаж хононо. Хүүгийн зовлон ч ингээд зогсохгүй л дээ. Хүүгийн ээж ч ингээд ч амархан эдгэчихгүй.



Хүүхний царайлаг, сархадын хатууд дурлаж явах нь нас бага, цус шингэнийх гэж би боддог. Гэвч энэ бүгд хормын жаргал л юмдаа. Насны жаргалыг эдлэхийн тулд бусдын зовлонг өөрийнтэй харьцуулж байж л мэдэх болов уу. Энэ клип-н дээр гарах бацаануудыг дээр зах дээр ачаа зөөдөг халтар хүүтэй харьцуулаад үзээрэй. Хэдийгээр баян хүн хаммераа унана уу, хар зах дээр ачаагаа зөөнө үү хамаагүй боловч эд нар чинь энэ ертөнцөд адилхан уйлж ирээд уйлуулж явах хүмүүс гэдгийг битгий мартаарай.


Энэ хорвоог би зовох нэг нь зовж байж, жаргах нэг нь жаргадаг хорвоо гэж огтоос боддоггүй. Хүн гэж амьтан жаргалд хүрэхийн тулд бусдынхаа зовлонд дөрөөлөн амьдардаг хэмээн итгэдэггүй. Тиймээс ч хүн болгон алтан аяганаас ус ууж, амьдын жаргалыг эдэлж чадна хэмээн найддаг.Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

2 comments:

Anonymous said...

Saikhan bichleg bolson baina "bayarlalaa" .. bagachuudiin buruu bish, baruuni ursgaliin buruu gej bodoj baina. harin jaal huu ihiig ergetsuulj bodohiin hereer, amidraliin uhaan ni ter zergeer telj baigaa bolov uu. sain huu baih shig baina.

artagnan- артаньян said...

гоё бичжээ. түр зуурын сэтгэл хөдлөл биш биз дээ. "сайн залуу"-гаараа байгаарай үргэлж.